Б. Лхагвасүрэн ''Боржигоны бор тал''
Санаа алдахад Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь
"Чамаараа би зөндөө гоёсон"
Харахгүй өнгөрч чадахгүйХарчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнт охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургийг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадмын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ёс болгож гоёсон
Үйрэн үйрэн эмтэрч
Үнэний чулууг дэрлэхдээ
Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Үхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно...
Буруу энгэртэй дээл
Хавийн уран эгч нарын оёсон дээлнийХанцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Гаы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий! Чигчий үр минь ! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг
Б. Лхагвасүрэн Ижийнхээ ачийг яалаа даа
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижиинхээ ачийг ч яалаа даа
Алтан гандиртай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг ч яалаа даа
Уйлах шиг мэлтгэнэх усандаа
Өссөн биеэ харлуу даа
Ухаанаа асгаж ургуулсан
Ижийнхээ ачийг ч яалаа даа..
Б. Лхагвасүрэн - Шагнал
Ээж минь намайгЦагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан.
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндер босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал.
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Үхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн.
Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан.
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон.
Алаг эрээнтэй ч
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал.
Эгэлхэн шүлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал.
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элэн улирсан
Түүх ч миний шагнал.
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулсын оройд хоносон нойрмон цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан эовлон
Ухаарсан алдаа минь хүртэл шагнал.
Надад байгаа бүхэн миний шагнал
Надад илүү шагнал хэрэггүй ээ!
Харин
Амраг ханийг минь
Ачдаа дуулах бүүвэйн дуугаар шагна
Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад
Дуугаа хөлдтөл гуугалж яваа эцгийг минь
Нараар шагна!
Дун цагаан үс нь
Намрын салхинд хийсэж
Дуутын шаргал хөтөл дээр
Намайг харуулдаж зогсоо
Ижийг минь
Мөнхийн усаар шагна!
Дайны айдсаар түгшиж яваа
Дэлхийг минь
Энх амгалангаар шагна!
Шагна!
No comments:
Post a Comment