Б.
Лхагвасүрэн - Боржигины бор тал
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь
Б. Лхагвасүрэн - Аргаа барсан шүлэг
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь
Өө тавьсан юм, надад бий билүү үр минь
Архиар иссэн уураг тархи
Аавыгаа бодохтой манатай болдог юм байна
Бурууд алдсан ухаан гэдэг
Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна
Үүл буусан толгой гэдэг
Үгэнд дийлддэг эд биш юм байна
Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх
Үүрдийн их лай юм байна
Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой
Их л сайн хүү байсан даа, чи
Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж
Янаглан хорлож дотроос чинь хэмлэв
Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн
Сар наран дор чи намайг жаргаасан
Жимс шиг хацрыг чинь үнсэж
Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн
Жирийн заяа азаар тэгширч
Жаргал гээчийн бэлд нялхарсан
Ижий бид хоёрын чинь амьд яваа нь
Илүү юм биш биз дээ . . .
Элдэг дуусдаг насыг мөнхөд бодож
Эндүүрч яваа юм биш биз дээ . . .
Эцсийн амьсгал татахдаа би
Чамд зовж хахмааргүй байна . . .
Эндэж алдсан нэгнийгээ хайрладаггүй хорвоод
Чамайг орхиход аймаар байна
Аргиж хатсан хоёр хайлаасны сүүдэр дор
Архины шилээр тоглож суугаа үр минь
Амьдын энэ хорвоо чинь
Алаг л гэнэ, хар нь дийлэнх юм шүү дээ . . .
Өдөр болгон архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Ухаарлын их бяр өөрөөсөө гарга л даа чи
Ухааны тэр их дарсыг чинь аав нь залгилж
Жавар инээдийн энэ их хорвоод
Жаргалтай аав яваад авс жийе, үр минь
“Эх орон” О. Дашбалбар
Тэнгэрлэг эх орон минь тандаа
мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн
оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очму
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг
ажму
Орчинд минь хичнээн амьтан буй
гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад
шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би
бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж
бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж
амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч
таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн
орж ирнэм
Аяа, эх орон минь ээ
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал
буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та
босож ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд
оршиж
Хар муу үйлийн замаас биднийг
холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн
таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг
хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй
бөгөөс
Түүний мөн чанар, эгнэгт эс мөхөгч,
бас бий эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний юм шалтгаан
Төгөлдрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та
тунгааму
Ариутгагч бас аврагч эцэг минь алтан
мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад
зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод
устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй
дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг
Амьсгалах тоолон надад та нэвтрэн
орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар
уудам болог
Уг чанар минь хүн чанар л болог
Эх орны минь мөн чанар гоо сайхныг
бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү.
No comments:
Post a Comment